БАНКУУД ИРГЭДЭД ЗЭЭЛ, ХАДГАЛАМЖИЙН БОДИТ ХҮҮГ ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ БОЛСОН

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн ахлах эдийн засагч Б.Дуламзаяатай ярилцлаа.

“Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын” журам шинэчлэн батлагдаад байна. Энэхүү журмаар хамгийн голлох зохицуулагдаж байгаа, санхүүгийн хэрэглэгчдэд шууд мэдрэгдэх гол зохицуулалт нь юу вэ?

Уг журмын зорилго нь банкны хүү бодоход баримтлах зарчмыг тодорхойлох, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийг банкны харилцагчдад ил тод байлгах, улмаар хадгаламж эзэмшигч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах юм. Банкууд ихэвчлэн зээл, хадгаламжийн бүтээгдэхүүний зөвхөн зарласан хүүг мэдээлдэг. Гэтэл зарласан хүүнээс гадна зээл авах явцад зээл судлах, барьцаа хөрөнгийг баталгаажуулах, даатгуулах зэрэг нэмэлт зардлууд гардаг бөгөөд эдгээрийг оруулж тооцсон Зээлийн бодит өртөг нь харилцагчаас гарах зардлыг илүү бодитой илтгэдэг. Өмнөх журамд тодорхой төрлийн зээлүүдэд Зээлийн бодит өртөгийг тооцдог байсан бол одоо 100 сая төгрөгөөс доош дүнтэй бүх зээлдэгчдэд Зээлийн бодит өртөг тооцож, танилцуулдаг байхаар хамрах хүрээг нэмэгдүүлсэн. Ингэснээр иргэд банкнаас зээл авах болон банкинд хадгаламж байршуулахдаа хүү, шимтгэл болон бусад зардлын мэдээллийг нээлттэй авах эрхтэй, нөгөө талаас банкууд ч иргэдэд зээл авахтай холбогдон гарах зардал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийг гаргаж өгөх байдлаар үүргийг хүлээж, банкны хариуцлага нэмэгдсэн байгаа.

Ерөнхийдөө зээл олгох, хүү тооцох, зээлийн бодит өртөг хэд болох гэх зэрэг харилцагчид илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч байх талаар зохицуулалтууд орж байгаа юм байна. Журмын хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих вэ? 

Монголбанк журмын хэрэгжилтэд хяналт тавьж, жилд 1-с доошгүй удаа газар дээрх шалгалт хийх, шалгалтын үр дүнгийн дагуу банкинд холбогдох үүрэг, даалгавар, зөвлөмж өгөх болно. Мөн Монголбанкны вэб хуудсанд зээлийн бодит өртгийн тооцоолуурыг байршуулахаар ажиллаж байна. Ингэснээр харилцагчид уг тооцоолуурыг ашиглан өөрийн сонирхож буй зээлийн бодит өртөгийг тооцох, банкны тооцоололд хяналт тавьж, асуудал гарсан тохиолдолд харилцагч банк эсвэл Монголбанкинд хандах боломжтой.

Иргэд мэдээлэл муутайгаас болж, хэт их зээл авах, өрийн дарамтанд орох тохиолдол их байдаг. Журмын дагуу банкууд хүү, шимтгэлийн мэдээллийг нээлттэй, ил тод, тодорхой өгснөөр энэ асуудлыг шийдвэрлэж чадах байх?

Банкны хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлснээр харилцагчид өөрт ирэх төлбөрийн дарамт, санхүүгийн зардлыг бүрэн ухамсарлах, нээлттэй мэдээлэлд тулгуурлан оновчтой шийдвэр гаргах боломж дээшлэнэ гэж бид хүлээж байна. Харин иргэдийн өрийн дарамтыг хязгаарлаж, улмаар санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх зорилгоор банкнаас олгох иргэдийн хэрэглээний зээлд Өр-орлогын харьцааны дээд хязгаарыг Монголбанк тогтоож, 2019 оны эхнээс мөрдүүлэхээр шийдвэрлэсэн байгаа.

Зээлийн гэрээний үсгийн шрифт хэт бага, уншихад төвөгтэй байх нь элбэг. Энэ асуудлыг бас журмаар зохицуулж өгч байгаа юм билээ. Үүнийг тодруулахгүй юу?

Журамд “Банкны зээл, хадгаламжийн гэрээний үсгийн фонт 9-с багагүй, тодорхой, ойлгомжтой байна.” гэж тусгасан. Ингэснээр банкны харилцагч гэрээний мэдээлэлтэй нарийн танилцах боломж нэмэгдэх болов уу.

Шинэчлэн батлагдсан журмаар банк аливаа хадгаламж, зээлийн бүтээгдэхүүний хүүг жилээр илэрхийлж, олон нийтэд мэдээлнэ гэсэн байна. Одоогоор банкууд хэдий хугацаагаар зээл, хадгаламжийн хүүгээ зарладаг вэ. Ялангуяа зээлийн хувьд хэт бага хугацаагаар хүүг зарлах нь харилцагчийг төөрөгдүүлэх нөхцөл байдалд хүргэдэг байх?

Өмнөх журамд энэ талаар ямар нэг зохицуулалт байгаагүй тул банкууд бүтээгдэхүүний онцлогоос хамааран хүүг жилээр, улирлаар эсвэл сараар зарлаж ирсэн. Тухайлбал, зээлийн сарын хүү 1.8 хувь гэж зарлах нь харилцагчид бага дүн мэт харагддаг боловч жилийн хүү нь хүү бодох давтамжаас хамааран 21.6 хувь буюу түүнээс дээш байх боломжтой. Иймд хүүг жилээр зарлах нэгдсэн стандарт тогтоох нь харилцагчийг төөрөгдүүлэх нөхцөлөөс сэргийлэх, харилцагчид зарласан хүү болон зээлийн бодит өртөгийн мэдээллийг бодитоор хүргэх ач холбогдолтой.

 Иргэдээс хамгийн их гомдол ирдэг зүйл нь ипотекийн зээл дээр хүү хэт өндөр бодогдоод, үндсэн зээл бараг төлөгдөхгүй байна гэх асуудал. Журмаар энэ асуудлыг зохицуулж байгаа юу?

Журамд сар бүр эргэн төлөлт хийх нөхцөлтэй зээлийг харилцагчийн төлбөрийн чадвар, мөнгөн урсгалтай уялдуулан сарын нийт төлбөр нь тогтмол, эсвэл үндсэн төлбөр нь тогтмол хувилбараас сонгуулахаар заасан. Сарын нийт төлбөр тогтмол зээлийн хувьд хугацааны эхэн үед зээлийн үндсэн төлбөр бага, хүүний төлбөр өндөр байдаг бол сүүл үед үндсэн төлбөр өндөр, хүүний төлбөр бага болдог. Харин сарын үндсэн төлбөр тогтмол хувилбарыг сонгох тохиолдолд сар бүр тэнцүү дүнгээр зээлийн үндсэн төлбөр буурах боловч хугацааны эхэнд төлөх зээлийн нийт төлбөрийн дарамт өндөр. Иймд иргэд банкнаас зээл хүсэхдээ төлбөр хийх ямар сонголтууд байгааг тодруулж, өөрийн орлого, мөнгөн урсгалд тулгуурлан оновчтой хувилбарыг сонгох хэрэгтэй.

ЭДИЙН ЗАСГИЙГ ЭНГИЙНЭЭР

Эдийн засгийг энгийнээрХэрэглээний Үнийн Индекс (ХҮИ)

Үнийн түвшний өсөлт, инфляцийг тооцохдоо хэрэглээний сагсыг ашигладаг. Үндэсний Статистикийнх Хороо (ҮСХ)-ноос айл өрхүүдийн хэрэглээг судалсны үндсэн дээр өргөн хэрэглээний барааны сагсын бүтцийг тодорхойлдог. Өнөөгийн байдлаар Монгол улсын хувьд улсын хэрэглээний сагсанд 329 төрлийн бараа, үйлчилгээ багтдаг байна. Энэ сагсан дахь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг түүний хэрэглээнд эзлэх жингээр үржүүлээд нэмснээр хэрэглээний үнийн индекс (ХҮИ) гардаг. ХҮИ-ийн өөрчлөлт нь инфляцийг хэмжих нэг хэмжүүр юм.

Үнэ өсөх тусам тогтмол төсвөөр бага бүтээгдэхүүн худалдаж авахад хүргэдэг. Тухайлбал, 2017 оны 3-р сарын 8-ны өдрийн байдлаар I сагс дахь барааг 42,000 төгрөгөөр авч байна гэж үзье. Хэрэв бараа бүтээгдэхүүний үнэ 30%-иар өсвөл хэрэглэгч энэ төсвөөр өндөг алимаа авч чадахгүйд хүрнэ. 2 жил дарааллан ингэж өсвөл 42,000 төгрөгөөр авах сүү, элсэн чихэр, будаа, луувангийнхаа талыг танаж, байцаагаа хассан III сагсны барааг авах юм.

Жишээ 1. 42,000 төгрөгийн төсвөөр худалдаж авах багц

Улс орнуудын хувьд хамгийн чухалд тооцогдох статистикийн нэг бол ХҮИ юм. ХҮИ гэдэг нь хэрэглэгчдийн худалдан авч байгаа бараа, үйлчилгээний дундаж үнийн өөрчлөлт юм. Монгол улсад өнөөдрийн байдлаар өргөн хэрэглээний бараа үйлчилгээг 12 бүлэгт ангилж хэрэглээний сагсаа бүрдүүлдэг. Жишээ нь, хүнсний бараа, ундаа ус, тээвэр, цахилгаан, ус гэх мэт.

Өөрөөр хэлбэл ХҮИ-г тооцоход ашиглагдах хэрэглээний сагст бидний өдөр тутам идэж ууж, хэрэглэдэг талх, сүү, өндөг, мах, машиндаа хийх шатахуун, утасны төлбөр зэрэг  бараа үйлчилгээнүүд багтдаг юм.

Жишээ 2. ХҮИ тооцох хялбаршуулсан жишээ

2000 оныг суурь он гэж үзээд, суурь оны ХҮИ ямагт 100 байна. Тус жишээнд сагсаа хялбаршуулсан байдлаар 2 төрлийн өргөн хэрэглээний бараа болох талх, сүүгээр бүрдүүллээ. Тухайн хэрэглээний сагсны ХҮИ-г бодохдоо одоогийн сагсаа суурь ондоо хуваагаад 100-аар үржүүлнэ. 2000 онд сагс нийт 709 төгрөг, ХҮИ 100 (суурь он учраас) байсан бол 2001 онд нийт сагс 845 төгрөг, ХҮИ 119.1 болж өөрчлөгджээ. Үүнийг энгийнээр тайлбарлабал  2000-2006 оны хооронд инфляци 19%-иар өссөнөөр, 2000 онд 709 төгрөг байсан ижил төрлийн барааг 2001 онд 845 төгрөгөөр худалдаж авахаар байна.

 

САНХҮҮГИЙН СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН АГУУЛГЫГ ХЯЛБАРШУУЛАВ

“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох зорилгоор Дэлхийн Банк, Монголбанк, Насан туршийн боловсролын үндэсний төв хамтран сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 4-6-ны өдөр зохион байгуулж байна. Сургалтад БСШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвийн багш нар хамрагдаж байгаа юм.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш үндэсний хэмжээнд нийт 500 орчим багш хамрагдаж, 47000 гаруй иргэнд санхүүгийн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулжээ.

Энэ удаагийн сургалтаар орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох сургалтын шинэ загварыг туршиж буйгаараа онцлог юм. Орон нутгийн иргэдэд санхүүгийн суурь мэдлэгийг олгох сургалтыг зохион байгуулахад хичээлийн агуулгыг илүү энгийн, ойлгомжтой болгосноор хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд сургалтын шинэ загвар нь бүхэлдээ үүнд чиглэгджээ.

Цалин хөлсний эрх зүйн зохицуулалт

Асуулт: Цалин хөлс гэж юуг хэлэх вэ? Цалин хөлсний бүрэлдэхүүнд юу юу хамаарах вэ?

Хариулт: Хамгийн энгийнээр тайлбарлавал цалин хөлс гэдэг нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсний төлөө ажилтанд ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр олгож буй төлбөр юм. Цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал зэрэг багтдаг.

Асуулт: Үндсэн цалин гэж юуг нь хэлээд байна. Түүнийг яаж тогтоох вэ?

Хариулт: Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зохих журмаар тогтоогдсон, албан тушаалын цалин юм. Ажил олгогчид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудын үндсэн цалинг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр тогтоодог.

Асуулт: Нэмэгдэл хөлс гэж юуг хэлэх вэ? Tүүнийг яаж тогтоох вэ?

Хариулт: Нэмэгдэл хөлс гэдэг нь ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар, нийтээр амрах баярын өдөр, долоо хоногийн амралтын өдөр ажилласан тохиолдолд үндсэн цалингаас тооцон олгож буй цалин хөлс юм. Нэмэгдэл хөлсний хэмжээг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч, ажилтантай харилцан тохиролцож тогтоодог. Хөдөлмөрийн тухай хуульд зарим нэмэгдэл хөлсний доод хэмжээг хуульчилсан байдаг.

Асуулт: Ямар ямар төрлийн нэмэгдэл хөлсний хэмжээг хуулиар тогтоосон байдаг вэ?

Хариулт: Нийтээр амрах баярын өдөр ажилласны болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны, илүү цагаар ажилласны нэмэгдлийн доод хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон байдаг. Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтанг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг 2,0 дахин, илүү цагаар болон долоо хоногийн амралгын өдөр ажилласан ажилтанг нөхөн амруулаагуй бол түүнд 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгох ёстой. Хуулиар доод хэмжээг нь тогтоосон нэмэгдэл хөлсний хэмжээг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр нэмэгдүүлэн олгож болно. Харин хуульд заасан хэмжээнээс доогуур хэмжээгээр тогтоож болохгүй.

Асуулт: Нийтээр амрах баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан, илүү цагаар ажилласан ажилтанг нөхөн амруулсан бол нэмэгдэл хөлс олгохуу?

Хариулт: Ажил олгогч нь нийтээр амрах баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан, илүү цагаар ажилласан ажилтанг ажлын ачаалал багатай үед ажлын өдрийн үргэлжлэлийг богиносгох, долоо хоногийн ажлын өдрийг тоог цөөрүүлэх, ээлжийн амралт дээр нь нэмэгдэл амралт олгох, сул зогсолт гарвал өмнөх хугацаанд хэтрүүлэн ажилласан цагт нь тооцож биеэр нөхөн амрааж болно. Хэрэв ажил олгогч нь ажилтанг дээр дурдсан хэлбэрээр нөхөн амрааж чадаагүй бол хууль, хамтын болон хөдөлмөрийн гэрээнд заасан нэмэгдэл хөлсийг олгоно.

Асуулт: Нийтээр амрах баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан, илүү цагаар ажилласан ажилтныг дараа нөхөн амраасан бол ямар нэгэн цалин хөлс олгохгүй гэсэн үг үү?

Хариулт: Нөхөн амраасан бол огт цалин хөлс олгохгүй гэсэн үг биш юм. Нийтээр амрах баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр, илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амраасан бол уг өдрүүдэд ажилласны цалин хөлсийг ажлын ердийн өдөрт ажилласантай адил хэмжээгээр олгох юм. Өөрөөр хэлбэл нэмэгдэл хөлсийг олгохгүй.

Асуулт: Нэмэгдэл гэж юуг хэлэх вэ? Түүнийг яаж тогтоох вэ?

Хариулт: Нэмэгдэл гэж ажилтны мэргэжлийн ур чадвар, ажлын байрны зохион байгуулалт, хөдөлмөрийн    нөхцөлөөс хамаарах хүчин зүйлсийг харгалзан тогтоосон цалин хөлс юм. Нэмэгдлийн хэмжээг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч, ажилтантай харилцан тохиролцож тогтооно. Мэргэшлийн зэргийн нэмэгдлийг ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, боловсролын түвшин ажилласан жил зэргийг харгалзан ялгаатай тогтоож болно.

Асуулт: Шагнал урамшуулал гэж юуг хэлэх вэ? Түүнийг яаж тогтоох вэ?

Хариулт: Шагнал урамшуулал гэж цалингийн болон ашгийн сан, бусад эх үүсвэрээс ажилтанд олгож буй олговор юм. Ажилтан тодорхой нөхцөл, болзлыг ханган ажилласан үед олгодог. Шагнал урамшуулал олгох нөхцөл болзлыг хөдөлмөрийн дотоод журам, хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр тохиролцон тогтоох буюу эсвэл  шагнал урамшил олгох  тусгай журам гарган тогтоож болдог.

Асуулт: Шөнийн цагаар ажилласан ажилтанд ямар хэмжээтэй нэмэгдэл хөлс олгох вэ? Түүнийг яаж тогтоодог вэ?

Хариулт: Шөнийн цагаар ажилласан ажилтанг ажил олгогч нөхөн амруулаагүй бол түүнд нэмэгдүүлсэн цалин хөлс олгох бөгөөд ямар хэмжээгээр нэмэгдүүлж олгохыг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр тохиролцож тогтооно. Шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс нь ажилтны ажилласан цагт оногдох дундаж цалин хөлс нэмэгдүүлсэн хэмжээтэй байна.

Асуулт: Тасралтгүй ажиллагаатай аж ахуйн нэгж, байгуулагад ээлжээр ажилладаг ажилтны ээлж нь шөнийн цагаар таарсан бол түүнд шөнийн цагийн нэмэгдэл хөлс олгогдох уу?

Хариулт: Тасралтгүй ажиллагаатай аж ахуйн нэгж, байгууллагад ээлжээр ажилладаг ажилтны ээлж нь шөнийн цагаар таарсан бол түүнд шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгоно.

Асуулт: Ажилтанд цалин хөлсийг ямар зарчим, хэлбэрийн дагуу олгодог вэ?

Хариулт: Ажилтанд цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгодог. Ажилтны цалин хөлсийг сард 2 ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгох ёстой. Ажилтны цалин хөлсийг цаг, өдөр, долоо хоногоор тооцон олгож болно. Ажилтны үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдлийг заавал мөнгөн хэлбэрээр олгоно.

Асуулт: Цалин хөлс олгох өдрийг яаж тогтоох вэ?

Хариулт: Цалин хөлсийг сарын ямар ямар өдрүүдэд тавьж олгохыг хөдөлмөрийн дотоод журам буюу хамтын гэрээгээр тохиролцож тогтоодог.

Асуулт: Ажил олгогч ажилчдын цалинг тогтоосон өдөр олгоогүй, саатуулсан бол яах вэ?

Хариулт: Тогтоосон өдөр ажилчдын цалин хөлсийг олгоогүй, саатуулсан бол ажил олгогчоос цалин хөлс олгохыг нийт ажилчид болон ажилтны төлөөлөгчид шаардах эрхтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь нотлогдвол цалин хөлсийг хожигдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгочид шүүх ноогдуулж, ажилтанд олгодог. Мөн ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан албан тушаалтныг 5000-15000 төгрөгөөр шүүгч торгоно.

Асуулт: Шагнал урамшууллыг мөнгөн бус хэлбэрээр олгож болохуу?

Хариулт: Шагнал урамшууллыг мөнгөн бус хэлбэрээр олгож болно. Жишээ нь: гэрийн тавилга,цахилгаан бараа гэх мэт. Харин хөдөлмөрийн дотоод журам, хамтын болон хөдөлмөрийн гэрээ, эсвэл шагнал урамшуулал олгох тусгай журамтай бол уг журамдаа шагнал урамшууллыг мөнгөн хэлбэрээр олгохоор харилцан тохиролцсон бол заавал мөнгөн хэлбэрээр олгох ёстой.

  • Утас

    7015-0001, 90001050, 90002050,90003050

  • Имэйл

    shonkhor.mn@gmail.com

  • Хаяг

    Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Сүхбаатарын гудамж, Метро бизнес центр, 6-р давхар, 603 тоот

All rights for main image by: ‘Shonkhor Unelgee Audit’ LLC